2015 оны 06 сарын 02

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2011 оны 03 дугаар 03-ны өдөр                                Дугаар 02                                                              Улаанбаатар хот

                     

Дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн О.Зандраа даргалж, Танхимын тэргүүн Ц.Амарсайхан, шүүгч Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй хийж, намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар Улсын Дээд шүүхэд гаргасан хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Монголын Ногоон Намын дарга Д.Басандорж, Монголын Ногоон Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Наранцэцэг, Дүрэм, ёс зүйн хорооны дарга Б.Наранбаатар, өмгөөлөгч Ц.Монгол, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах И.Амартөгс нар оролцов.

Улсын Дээд шүүхэд гаргасан Монголын Ногоон намын Гадаад асуудал хариуцсан дарга О.Бум-Ялагч, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Наранцэцэг нарын гарын үсэгтэй хүсэлтэд “намын дүрмийг шинэчлэн бүртгүүлэх тухай” гарчиг бүхий хүсэлтдээ: Монголын Ногоон намын ээлжит бус Их Хурал 2011 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Монголын хүүхдийн ордны бага танхимд хуралдан намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулж, намын зохион байгуулалтын асуудлыг авч хэлэлцэн шийдвэр гаргасан тул Монголын Ногоон намын ээлжит бус Их хурлын тогтоол болон хурлын протоколыг хүргүүлэв” гэжээ.

Хүсэлтэд хурлын тэргүүлэгчдийг батлах, тооллогын комисс байгуулах, редакцийн зөвлөл байгуулах, намын дүрэм, ёс зүйн хорооны тайлан хэлэлцсэн,  намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, намын даргыг сонгох, намын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох, намын ёс зүйн хороо байгуулах, намын бага хурлыг байгуулах тухай Монголын Ногоон намын ээлжит бус Их хурлын 1-10 дугаар бүхий тогтоолууд болон Монголын Ногоон намын дүрэм, хэвлэлийн мэдээлэл зэрэг нийт 21 хуудас баримтыг хавсаргаж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч тал Монголын Ногоон намын дүрэм, ёс зүйн хорооны 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн дугааргүй болон 2 дугаартай хоёр тогтоол, уг хорооны мөн өдрийн хурлын протокол нийт 3 хуудас баримтыг өгч, намын ээлжит бус Их хурлын тэмдэглэлийг шүүхэд өгөөгүй болохоо хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн бүх баримтад Монголын Ногоон намын тамга дарагдаагүй байна.

Хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн дээрх баримтууд болон шүүх хуралдаанд өгсөн хүсэлт гаргагч талын тайлбарыг судлан хэлэлцээд

ХЯНАВАЛ:

1.Монголын Ногоон намын ээлжит бус Их хурлыг хуралдуулах шийдвэрийг хэн, хэзээ гаргаж, намын гишүүдэд хэрхэн мэдэгдсэн, Их хурлын төлөөлөгчдийг хэрхэн бүрдүүлсэн зэрэг байдал нь хүсэлт гаргагчийн ирүүлсэн баримтаар тогтоогдоогүй тул 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хуралдсан гэх Ногоон намын Их хурлыг Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2., 5.1.3., 5.1.4.-т заасан зарчмуудын дагуу явуулсан, Улсын Дээд шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт нь бүртгэгдсэн Ногоон намын дүрмийн 4.1.-д заасан зарчимд нийцээгүй байна.

2.Монголын Ногоон намын ээлжит бус Их хурлыг намын бага хурлын гишүүдийн дийлэнх олонхийн шийдвэрээр хуралдуулж болохоор дүрмийн 3.3.3.-т заасан шаардлага хангагдсан эсэх нь хүсэлт гаргагчийн ирүүлсэн баримтад тодорхой бус байх тул 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хуралдсан Ногоон намын ээлжит бус Их хурлыг болон түүнээс гарсан шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй юм.

3.Ногоон намын ээлжит бус Их хурлын тэргүүлэгчдийг, тооллогын комиссын болон редакцийн зөвлөлийн бүрэлдэхүүний тоо, нэрсийг хэн санал болгож, хэрхэн баталсан талаар баримт байхгүйгээс гадна уг тооллогын комисс чухам ямар асуудлаар тооллого хийж, хэрхэн ажилласан, ямар асуудлаар ямар санал хураалт болж, үр дүнг нь хэрхэн баталгаажуулсан болохыг нотолсон баримт шүүхэд ирээгүй болно.

4.Монголын Ногоон намын ээлжит бус Их хурлын 02 дугаар тогтоолоор тооллогын комиссыг 5 хүний бүрэлдэхүүнтэй, гишүүдэд нь Х.Лхагвасүрэн, Н.Наранцэцэг, Б.Наранбаатар, Д.Бадамзул, Н.Чимгээ нарыг оруулахаар баталсан атлаа редакцийн зөвлөлийг байгуулах тухай 03 дугаар тогтоолд тооллогын комиссыг                     3 хүний бүрэлдэхүүнтэйгээр гишүүдэд нь Ж.Отгонсүрэн, Г.Эрдэнэбаяр, В.Батдорж нарыг оруулахаар зааж, уг тогтоолд хурлын тэргүүлэгч Л.Сэлэнгэ гарын үсэг зураагүй байгаа нь редакцийн зөвлөл болон тооллогын комисс байгуулагдсан гэж үзэхэд эргэлзээтэй болжээ.

5.Монголын Ногоон намын дүрэм, ёс зүйн хорооны ажлын тайланг сайшааж, намын дотоод болон гадаад асуудал хариуцсан хоёр даргыг намаас хөөсөн асуудлыг, мөн Ногоон нам, Иргэний зориг намд нэгдэхгүйгээр үйл ажиллагаагаа дангаар явуулахыг тус тус зүйтэй гэж үзэж, Иргэний эвслийн үйл ажиллагааг сэргээн идэвхижүүлэхийг намын удирдлагад үүрэг болгосон 4 заалт бүхий Их хурлын 04 дүгээр тогтоолыг батлахад хэн ямар санал гаргаж, дээрх асуудлуудыг хэрхэн хэлэлцсэн талаарх баримтыг хүсэлт гаргагч шүүхэд өгөөгүй байна.

6.Намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсныг баталсан ээлжит бус Их хурлын 05 дугаар тогтоол гарсан боловч уг нэмэлт, өөрчлөлтийг хэрхэн хэлэлцэж, хэн ямар санал гаргасан, Их хурлын төлөөлөгчдийн хэдэн хувийн саналаар дээрх нэмэлт, өөрчлөлт батлагдсан болох нь тодорхой бус байна.

7.Ногоон намын ээлжит бус Их хурлын 06, 07 дугаар тогтоолд намын дотоод болон гадаад асуудал хариуцсан даргаар Д.Басандорж, О.Бум-Ялагч нарыг сонгосон гэж заасан боловч тэдгээрийн нэрийг хэн дэвшүүлж, хэрхэн хэлэлцсэн, өөр хүний нэрийг төлөөлөгчид дэвшүүлсэн эсэх, санал хураалтыг илээр, эсхүл нууц хэлбэрээр явуулсан, санал хураалтад хэдэн хүн оролцож, санал хураалтын дүнг хэрхэн танилцуулсан зэрэг байдлыг тодорхойлох баримт байхгүй тул эдгээр хүмүүсийг Ногоон намын даргаар сонгогдсон гэж үзэх боломжгүй юм.

8.Монголын Ногоон намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Наранцэцэгийг сонгосон тухай Их хурлын 08 дугаар тогтоолд “47.9% санал авсан” гэж заасан нь намын дүрмийн 4.1.-д заасан “ ...асуудлыг ... олонхийн саналаар шийдвэрлэх” гэсэнтэй нийцээгүйн гадна Намын Ерөнхий нарийн бичгийн даргад ямар хүмүүсийн нэрийг хэн дэвшүүлж, хэрхэн хэлэлцсэн, санал хураалтыг илээр, эсхүл нууц хэлбэрээр явуулсан, санал хураалтад хэдэн хүн оролцож, санал хураалтын дүнг хэрхэн танилцуулсан талаар баримтгүй байна.

Түүнчлэн Н.Наранцэцэг, Б.Наранбаатар нар Их хурлын 02 дугаар тогтоолоор тооллогын комиссын бүрэлдэхүүнд сонгогдсон тул намын ерөнхий нарийн бичгийн даргад сонгох санал хураалтын дүнг тоолох ажиллагаанд Н.Наранцэцэгийг, намын дүрэм, ёс зүйн хорооны гишүүнээр санал хураалтын дүнг тоолох ажиллагаанд Б.Наранбаатарыг оролцуулах боломжтой эсэх, хэрвээ оролцоогүй бол тооллогын комисс санал хураалтын дүнг хэрхэн гаргасан нь ойлгомжгүй болжээ.

9.Намын ээлжит бус Их хурлын 09 дүгээр тогтоолоор намын дүрэм, ёс зүйн хороог 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан боловч уг хорооны өмнөх гишүүдийг чөлөөлсөн тухай, шинээр байгуулагдсан хорооны гишүүдийн саналыг үндэслэн хорооны даргаар Б.Наранбаатарыг томилсон гэж тогтоолд заасан атлаа уг асуудлыг хорооны гишүүд хэрхэн хэлэлцэж, саналаа яаж гаргасан талаарх баримт байхгүй байна.

10.Монголын Ногоон намын Бага хурлыг 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан 10 дугаар тогтоолд урьд ажиллаж байсан гишүүдийг чөлөөлсөн тухай заалт байхгүйн дээр эдгээр хүмүүсийн нэрийг хэн дэвшүүлж, хэрхэн хэлэлцсэн, санал хураалт ямар хэлбэрээр яаж явагдсан, дүнг хэрхэн танилцуулсан, хүн тус бүр төлөөлөгчдийн хэдэн хувийн санал авч, сонгогдсонд тооцогдсон, Бага хурлын гишүүнээр сонгогдсон Х.Лхагвасүрэн, Н.Чимгээ нар өөрсдийн сонгуулийн дүнг тоолох тооллогын комисст ажиллах боломжтой байсан эсэх зэрэг нь тодорхойгүй байна.

Иймд Монголын Ногоон намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар Улсын Дээд шүүхэд гаргасан Монголын Ногоон намын Гадаад асуудал хариуцсан дарга О.Бум-Ялагч, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Наранцэцэг нарын гарын үсэгтэй хүсэлтийг хангаж, намын дүрэмд оруулсан гэх нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6., 21 дүгээр зүйлийн 21.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Монголын Ногоон намын дүрэмд 2011 оны 02 дугаар сарын 19-ний өдөр оруулсан гэх нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсугай.

2.Энэ тогтоолд заасан зөрчлийг арилгасан тохиолдолд намыг төлөөлөх эрх бүхий этгээд намын дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд дахин хандах эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

ДАРГАЛАГЧ,    

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        О.ЗАНДРАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                                         Ч.ТУНГАЛАГ