УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, УЛСЫН ЕРӨНХИЙ 
ПРОКУРОРЫН ХАМТАРСАН ЗАХИРАМЖ, ТУШААЛ

2008 оны 01 дүгээр
сарын 30-ны өдөр
Дугаар 07, 26 Улаанбаатар
хот

 

Журам батлах тухай

         Сэжигтнийг баривчлах, сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих болон хорьж мөрдөх хугацааг сунгах ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд чанд нийцүүлэн явуулах, уг ажиллагааны шуурхай байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Шүүхийн тухай  хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.8, Прокурорын байгууллагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАН ТУШААХ нь

1.    “Баривчлах, цагдан хорихтой холбогдсон зарим ажиллагааг зохицуулах
тухай журам” –ыг хавсралтаар баталсугай.

2.    Энэхүү журмыг гарсан өдрөөс нь эхлэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нар дагаж мөрдөхөөр тогтоосугай.

3.    Захирамж, тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Дээд 
шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Д.Батсайхан, Улсын Ерөнхий прокурорын орлогч Б.Цэрэнбалтав нарт даалгасугай.

 

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ
С.БАТДЭЛГЭР
УЛСЫН ЕРӨНХИЙ
ПРОКУРОР, ТӨРИЙН ХУУЛЬ
ЦААЗЫН ТЭРГҮҮН ТУСЛАХ
М.АЛТАНХУЯГ

 


 

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч,
Улсын Ерөнхий прокурорын хамтарсан
2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн
07, 26 тоот захирамж, тушаалын хавсралт

БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХТОЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ
АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

         1.1. Энэхүү журмын зорилго нь сэжигтнийг баривчлах, сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих, хорьж мөрдөх хугацааг сунгах, цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох ажиллагаатай холбогдсон зарим асуудлыг зохицуулахад оршино.

Хоёр. Сэжигтнийг баривчлах ажиллагааны талаар

         2.1. Сэжигтнийг баривчлах тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоолыг прокурор өөрийн биеэр шүүгчид танилцуулан шийдвэрлүүлнэ.

         2.2. Шүүгч шаардлагатай гэж үзсэн, мөн сэжигтний өмгөөлөгч хүсэлт гаргасан тохиолдолд сэжигтэнтэй уулзаж, түүний тайлбарыг сонсож болно.

         2.3. Шүүгч шаардлагатай гэж үзвэл тухайн этгээдийг сэжиглэх болсон үндэслэл, шалтгаан, түүнийг нотлох баримтыг прокурор шүүгчид танилцуулна.

         2.4. Хойшлуулшгүй тохиолдолд сэжигтнийг шууд баривчилсан бол тогтоолыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь тогтоол үйлдсэнээс хойш 24 цагийн дотор өөрийн биеэр прокурор болон шүүхэд хүргэн өгч, холбогдох бүртгэлд тэмдэглүүлнэ.

         2.5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасан ажиллагааг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хариуцан гүйцэтгэнэ.

Гурав. Цагдан хорих ажиллагааны талаар

          3.1.       Сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих тухай асуудлыг прокурор өөрийн биеэр шүүгчид танилцуулан шийдвэрлүүлнэ.

         3.2.        Баривчлагдсан сэжигтнийг цаашид цагдан хорих шаардлагатай  гэж үзвэл цагдан хорих тогтоолыг баривчлах хугацаа дуусахаас 6 цагийн өмнө прокурор өөрийн биеэр шүүгчид танилцуулан шийдвэрлүүлнэ.

         Шүүгч тогтоолыг хүлээн авсан даруй баривчлагдсан этгээдийг цагдан хорих эсэх асуудлыг шийдвэрлэж, захирамж гаргана.

         3.3.       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.5-д заасан тохиолдолд тогтоолыг заавал шинээр үйлдэнэ.

         3.4.        Тухайн хэрэг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны аль шатанд байгаагаас хамаарч хэрэг бүртгэгч,мөрдөн байцаагч, прокурор, шүүгч цагдан хорих шийдвэрийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.7-д заасан эрх бүхий этгээдэд 24 цагийн дотор мэдэгдэнэ.

         3.5. Хүнд өвчтэй, жирэмсэн эмэгтэй, хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг цагдан хорих шаардлагатай гэж үзсэн тохиолдолд энэ талаарх шинжээчийн дүгнэлт,эсхүл эмнэлгийн байгууллагын тодорхойлолтыг шүүхэд шүүхэд заавал ирүүлнэ.

         3.6. Жирэмсэн эмэгтэйг цагдан хорих тохиолдолд Хууль зүй дотоод хэргийн болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2005 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 37/64 дүгээр тушаалаар батлагдсан журмыг дагаж мөрдөнө.

         3.7. Сэжигтэн, яллагдагчийг өөр газарт шилжүүлэн цагдан хорьсон бол Улсын Дээд шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 35 дугаар тогтоолын 6-д заасны дагуу энэ тухай тэдгээрийн гэр бүлийн гишүүн, эсхүл өмгөөлөгчид нь 24 цагийн дотор хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч мэдэгдэнэ.

Дөрөв. Хорьж мөрдөх хугацааг сунгах ажиллагааны талаар

         4.1. Яллагдагчийг хорьж мөрдөх үндсэн хугацаанд сэжигтнийг баривчилсан, цагдан хорьсон, яллагдагчийг цагдан хорьсон хугацаа тус тус хамаарна. Харин яллагдагчийг хорьж мөрдөх нийт хугацаанд сэжигтнийг баривчилсан, цагдан хорьсон, яллагдагч шүүгдэгчийг цагдан хорьсон, уг хугацааг сунгасан болон шүүхээс нэмж мөрдөн байцаалгахаар буцаасан хэргийн яллагдагчийг цаашид хорьж мөрлөн хугацааг тус тус оруулан тооцно.

        4.2. Яллагдагчийг хорьж мөрдөх хугацааг сунгуулах тухай тогтоолыг прокурор өөрийн биеэр шүүгчид танилцуулан шийдвэрлүүлнэ. Ингэхдээ хорьж мөрдөх хугацааг сунгуулах үндэслэл, шалтгаан, түүнийг нотлох баримт, мөн өмнөх хугацаанд гүйцэтгэсэн байцаан шийтгэх ажиллагааны баримтуудыг заавал танилцуулна.

Тав. Бусад асуудлын талаар

         5.1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.3, 69 дүгээр зүйлийн 69.10, 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүгч захирамж гаргахдаа өмгөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухай захирамжид заавал тусгана.

         5.2. Шүүгч цагдан хорих болон хорьж мөрдөх хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэхдээ хэргийн материалтай танилцаж, шаардлагатай тохиолдолд цагдан хоригдож байгаа этгээдийг ирүүлэн уулзаж болно. Энэхүү журам нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхэд нэгэн адил хамаарна.

          5.3. Насанд хүрээгүй этгээдийг баривчилсан, цагдан хорьсон тухай түүний эцэг, эх, хууль ёсны бусад төлөөлөгч, өмгөөлөгчид нь 12 цагийн дотор хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч мэдэгдэнэ.

          5.4. Баривчлах, цагдан хорих хугацаа хэтрүүлсний хариуцлагыг прокурор хүлээнэ.

         5.5. Сэжигтэн, яллагдагчийн цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох асуудлыг зөвхөн тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорын саналыг үндэслэж шүүгч шийдвэрлэнэ. Прокурор энэхүү саналыг гаргахдаа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзана. Энэ талаар прокурор санал гаргаагүй тохиолдолд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох талаар шүүхэд ирүүлсэн хүсэлтийг прокурорт шилжүүлнэ.

         5.6. Гүйцэтгэх ажлын шугамаар сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих тухай асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулан шийдвэрлүүлнэ.

         5.7. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаалт, прокурор, шүүхээс оргосон сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих асуудлыг тухайн этгээдийг олж баривчилсан газрын прокурор, шүүх энэ журамд заасны дагуу шийдвэрлэнэ.